Хичээл амрах
дөхөөд л ажил хайж явтал АСЕМ11-д сайн дурын ажил хийх сонирхолтой хүүхдүүдийг
шалгаруулж авч байлаа. Мэргэжлийнхээ дагуу туршлага хуримтлуулна гэдэг бол
миний хувьд том боломж шүү дээ. Анхандаа сайн дурын ажил гэхээр сэтгэлд нэг л
хол буудаг байлаа. Гэхдээ АСЕМ болж өнгөрсөн 3 сарын хугацаанд зүгээр ч нэг
сайн дурын ажил биш харин миний амьдралын нэгээхэн хэсэг болсон юм. АСЕМ ч
амжилттай болж дууслаа. Амьдралд мөнгө цалин чухал биш харин найз нөхөд, шинэ
танил, ажлыг хийе гэсэн хүсэл эрмэлзэл, бас хамгийн чухал нь сэтгэл гэдгийг
ойлгож авсан юм. Миний хувьд АСЕМ тэр чигтээ том туршлага болсон.
Биднийг ажилд гаргахаас өмнө сургалт явуулж, биднийг Чингис
хааны үеийн 50-т, 10-тын зохион байгуулалтад оруулсан юм. Сургалтанд 50-таараа
уулзаж, хоорондоо танилцан, олон хөгжилтэй тоглоом тоглосон. Манай 50-тад
зөвхөн манай сургуулийн оюутнууд байсан бөгөөд танихгүй хүүхдүүдтэйгээ
танилцаж, танидаг хүүхдүүдтэйгээ илүү дотно найзууд болох боломж олдлоо.

Хүн ажлыг голдоггүй ажил хүнийг голдог... үнэндээ маш
амархан санагдаж байсан ажил маань их хэцүү болоод ирлээ. Уг нь би чинь олон
улсын харилцааны оюутан шүү дээ. Харилцаан дээрээ ч, хэлэндээ ч сайн гэж боддог
байсан ч тулаад ирэхээр том том төлөөлөгч нартай яаж харилцах тал дээр мэдэхгүй
зүйл их гарч ирсэн юм. Тэр бүрт хамт нэг баг болж ажилласан хүүхдүүдээсээ ихийг
суралцаж байлаа.
Ингээд утсаа чагнан дараагийн ажилаа хүлээгээд л. Ашгүй АСЕМ-ын
Сангийн сайд нарын XII уулзалтын хуралд буудлын зохион байгуулалтын ажилд
томилогдов. Хурлын үеэр ажиллах бүх хүүхдүүдийг төрийн ордон оруулж ордны бүх
зүйлсийг бидэнд танилцууллаа. Анх удаа төрийн ордон ороод сэтгэл хөдлөөд,
өөрийгөө их мундаг болсон юм шиг мэдрэмж төрлөө. Энэ удаад өмнөхөөсөө арай л илүү
туршлагатай байсан нь миний давуу тал болсон юм. Өмнө нь ажиллаж байгаагүй
хүүхдүүддээ, бүр хамт ажиллах Сангийн Яамны ажилтанд хүртэл туршлагаасаа
хуваалцаад л... Тэд ч миний ярихыг чих тавин сонсож, олон асуултаар булах нь намайг
нэг л чухал хүн болсон юм шиг санагдуулж билээ. Хурал нь 9-нд эхлэх гэж байхад 7-ны
өдөр төлөөлөгчдийн мандат бэлэн болоогүй байсан нь биднийг үнэхээр их
сандаргасан. Бид төлөөлөгчдөд мандатыг нь 8-ны өдрөөс эхлэн тараах ёстой байсан
юм л даа. Ингээд бид өмнөх өдөр нь Сангийн Яаманд өглөөнөөс эхлээд үүр цайх
хүртэл мандатуудаа бэлдлээ. Залуу насны эрч хүч үү эсвэл Сангийн Яамны ах эгч
нарын магтаалынх уу, бид ямар ч байсан ажлаа гайхалтай хурдан дуусгаж чадсан юм
даа. Буудлын ажилд найман хүүхэд томилогдсон
бөгөөд бид дөрөв дөрвөөрөө хуваагдан “Tuushin”, “Shangri-la” зочид буудлууд дээр
ажиллалаа. Хүмүүсээ тосож аваад, үдэж өгөх ёстой байсан учраас бид хонож
ажиллаж байлаа. Хамтдаа хонон өнжин халуунд халж, хүйтэнд хөрж явсан болоод ч
тэр үү бүр ч илүү сайн найзууд болоод одоо ч бид байнга л уулзалддаг.
АСЕМ-ын сайн дурынхны штабаас их гоё үйл ажиллагаанууд
явуулдаг байлаа. Ажлаа дуусгаад удаагүй байхад Богд Хан ууланд аялах болсон юм.
Штабынхан бидэнд зориулж олон сонирхолтой тоглоом бэлдсэн байсан. Энэ мэтчилэн
олон хөгжилтэй үйл ажиллагаа зохион байгуулсан ч бүгдийг нь бичвэл их л удах
байх.
Ажлын амтанд орж дараагийн ажлаа тэсэн ядан хүлээж байтал 6
сарын 28-ы өдөр АСЕМ-ын Иргэний чуулга уулзалтанд хөтөч тайлбарлагчийн ажилд
томилогдлоо. Угаасаа ч хөтөч, тайлбарлагчийн үнэмлэхтэй байсан учраас
баяртайгаар энэхүү ажлаа хүлээн авлаа. Өмнөх хурлууд дээр бидний ажлыг
чиглүүлэх, удирдах Гадаад Хэргийн Яамнаас эсвэл Сангийн Яамнаас биднийг
хариуцаж хамт ажилладаг хүн байсан бол энэ удаад бүгдийг өөрсдөө бие даан
зохицуулж, хариуцлагатай ажиллах болсон юм. Төлөөлөгчдийг онгоцны буудлаас тосож
аван буудалд нь хүргэж өгч, дахиад л онгоцны буудал руу төлөөлөгчидөө тосож
авахаар явдаг байлаа. Энэ үеэр нэг зочин маань өөрийн буудлаа олоогүй учраас
хөтөч авахаар болж надад боломж олдов. Манай хүнд монгол мөнгө байхгүй мөн
зочид буудалынх нь хаяг нь буруу бичигдсэн гээд жинхэнэ хүнд нөхцөл байдалд
орчихсон явж байлаа. Амралтын өдөр байсан учраас бүх банк хаалттай, зочид
буудал руу нь залгатал хаяг нь бүр Баянзүрх дүүрэгт байдаг болж таарлаа. Бас
зочид буудал биш зочин хүлээж авдаг айл байсан юм. Алхахад хэтэрхий хол газар
байсан учраас төлөөлөгчтэйгөө хамт банк хайсаар олсон юм. Ойр зуурын юмыг нь
авч, дэлгүүр хэссээр бид бүр “дундаа орж” сайхан найзууд боллоо. Ихэнх
төлөөлөгчид аян замдаа ядраад уурласан байхад манай төлөөлөгч тэр өдрийн
халуунд маш их алхсан ч уурласан шинжгүй инээмсэглээд л яваад байлаа. Буудаллах
газар нь хүргэж өгтөл гэрийн эзэн нь байхгүй байсан болохоор орцонд эзнийг нь
иртэл хамт хүлээж өглөө. Ирэхэд нь бид хоёр үсэг сурчихсан, хэдэн монгол үг
заачихсан цагийг хөгжилтэй өнгөрөөж байв. Тэрээр талархснаа илэрхийлээд
урамшуулал (гарын мөнгө) өгөх гээд л их хичээсэн боловч миний хувьд мөнгөнөөс
илүү хамтдаа өнгөрүүлсэн тэр нэгэн бүтэлгүй өдөр илүү үнэтэй байсан учраас
авахыг хүссэнгүй. Монголчууд та нар үнэхээр сайхан сэтгэлтэй юм гэж хэлээд мэйл
хаягаа солилцон хурал дээр уулзацгаая хэмээн найрсагаар салж билээ. Миний хувьд
тэр өдөр хамгийн том туршлага мөн сайхан дурсамж болж үлджээ.
Ингээд хүсэн хүлээсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өдөр
ирлээ. Энэ удаад мөн л буудлын зохион байгуулалтын ажилд томилогдож 15, 16-ны
өдрүүдэд ажиллахаар болов. “ASEM VOLUNTEER ULAANBAATAR 2016” гэх бүлэгт
хүүхдүүд ажиллаж байгаа зургаа хийж, санал бодлоо хуваалцан 1200 залуус
хоорондоо их л дотно болсон харагдана. Уг нь би өөр буудалд хуваарилагдсан
боловч “Сант Асар” гэх зочид буудалд яаралтай орос хэлтэй хүн хэрэгтэй гээд
очсон юм. Энэ удаагийн ажлаас сурч авсан гол зүйл нь сэтгэл байлаа. Зочдыг
хамгаалах үүрэгтэй цагдаа ах нар буудлын гадаа өдөр шөнөгүй зогсоно. Цагдаа нар
маань дотор орж болохгүй гадаа байх ёстой байсан юм л даа. Гадаа их халуун
байхад огт ядарсан шинжгүй биднийг хөгжөөж, инээлгэж байсан цагдаа ах нарын хүч
бидэнд ч мэдрэгдэх шиг. Ер нь ч тэгээд ажил хийе гэвэл заавал тухтай орчинд
гэлтгүй эрч хүч, сэтгэл хоёр байхад хаана ч юу ч хийж болох шүү дээ.
Ингээд өөрийн түүхээ бичиж байхад би чинь их олон зүйл
сурсан юм байна шүү дээ.
- нээлттэй, нийтэч байх
- багаар ажиллах
- онгоцны буудлаас зочин тосох
- мэдэхгүй олон гадаад үг
- анх удаа хонож ажиллаж үзсэн
- олон улсын хурлын материал бэлдэх
- УБ хотоо маш сайн мэддэг болсон
- олон орны төлөөлөгчидтэй зөв харилцах
- буудлын менежмент
- мөнгө зөв зарцуулалт
- төрийн ордонд хэрхэн нэвтрэх
- олон сонирхолтой тоглоом
АСЕМ дууссан ч бидний ажил дууссангүй. Залуучууд бид чинь
ямар их эрч хүчтэй юм... Эрэгтэй эмэгтэй гэлтгүй л өргөж зөөх юм гарвал энд
тэнд шуурхай очоод л зөөнө. АСЕМ-ыг Монголд зохион байгуулахад асар их хөрөнгө
шаардагдаж байсан ч Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй 1200 залуус мөнгө хөлс
гэлтгүй эх орондоо туслахад бага ч болов ачаа нь хөнгөрсөн бизээ. Сайн дурын
ажил нь хувь хүнийг хөгжүүлээд зогсохгүй тухайн улсын санхүүд ч маш их хэмнэлт
гаргаж өгдөг юм байна. Хэрэв дахиад сайн дурын ажил хийх боломж олдвол би
баяртайгаар хийх болно. Баярлалаа АСЕМ11 минь.
11-р 50тын гишүүн Г. Уянга
МУИС-ОУХНУС 2-р курс