Намайг Анударь гэдэг. Би Анагаахын 5-р курст суралцдаг. Багаасаа хүүхэд залуучуудын оролцооны байгууллагад элсэж, нийгмийн үйлсэд идэвхитэй оролцож ирсэн болохоор жил бүрийн хичээлийн жилийн амралтыг аль болох шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэх байдлаар үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Энэ зуны хувьд 100 жилд нэг удаа улсдаа зохион байгуулах боломжтой, хамгийн олон сайн дурын ажилтнууд оролцсон Ази-Европын дээд хэмжээний 11дэх удаагийн чуулга уулзалт гэх нэгэн түүхт үйл явдлын гэрч болж том ажлын ард баг хамт олноороо гарч чадсан юм.

АСЕМ-ийг зохион байгуулахад нийт 20'000 гаруй хүн хүч оролцсоноос 1100 гаруй сайн дурынхан өөрсдийн эрдэм мэдлэг, хөлс хүчээ зориулан ажилласан. Дор хаяж 2 хэлээр ярьдаг, эелдэг боловсон харьцаатай, нэгэн зэрэг англи, орос, японоор хүмүүстэй төвөггүй ярьж ойлголцож байгаа үе тэнгийн залуусаа хараад бид үнэхээр хөгжиж буй орны шинэ иргэд, Бидний Монголын ирээдүй гэрэлтэй байнадаа гэж бахдаж суулаа.

Мэдээж анхны бүхэн хамгийн их дурсамж үлдээж, туршлага болон үлддэг. Бидний сурсан зүйлс гэвэл: 

1. Энэ бол ХАРИУЦЛАГА. Нэг хором, нэг үйлдэл ч улс орны маань нэр хүндэнд нөлөөлж болох учир цаг баримтлал дээрээ анхаарч, дан ганц өөрийн ажлыг хийхээс гадна хүн хүч хэрэгтэй үед орчноо маш сайн мэдэрч бие биенийгээ нөхөж ажиллах, тулгарсан асуудлыг түргэн шуурхай зохицуулах чадварт дор бүрнээ суралцаж байсан.

2. ГЭР БҮЛ. Миний хувьд АСЕМын үеэр нэг тавьтыг ахлах чухал үүргийг хүлээж авсан. Эхэн үед олон сургуулиас бүрдсэн, өөр өөрийн онцлогтой хүмүүсийг нэг цул болгох амаргүй байсан. Тэр залуусыг мэдэх тусам ахлагч, гишүүд гэсэн байр сууринаас ч бат бэх харилцааг бий болгохыг хүссэн. Тиймдээ ч урьд нь хувь хүний хөгжлийн жижиг сургалтуудыг явуулж байсан туршлага байсан учир “БАГИЙН АЖИЛЛАГАА” гэх уламжлалт хэв маягаас арай хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр бие биенээ таньж мэдэх зорилгоор 2 удаагийн сургалт явуулахыг зорьсон. Үр дүн нь үнэхээр гайхалтай байсан. Сургалтын дараагаас бид хоорондоо илүү нээлттэй харилцаж, зүгээр нэг 50тын гишүүд биш нэг нэгэндээ санаа тавьдаг гэр бүл болж чадсан. Харилцаагаа дотно болгосноор ажил үүргийн үед маш сайн ойлголцол, итгэлцэл үүсч бидэнд үнэхээр амар байсан. 

3. ЗӨВ ХАРИЛЦАА. Бидний үеийн залууст хүний үгийг дааж сурах чадвар чухал хэрэгтэй мөн харилцааг амжилттай байлгах нэг үндэс нь харилцан итгэлцэл, харилцан хүндлэл байдаг. АЖЛАА МЭДДЭГ БАЙХ чанар нь залуу хүнд хүндлэл хүлээх, бусдад ч бас хариу шаардлага тавих боломжийг олгодог. 

4. ХУРД. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчтэй харьцаж, дор хаяж 5 тэрбум хүний нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдох мэдээний шууд дамжуулалтыг халуун цэг дээрээс үзэх боломж тэр болгон хүнд тохиохооргүй аз шүү. Хэвлэлийн төвийн мэдээллийн хэсэгт ажиллах үед мэдээлэл секунд бүрт шинэчлэгдэж байсан ба хүмүүсийг мэдээллээр хоцроохгүйн тулд тухай бүрт нь дасан зохицож ажиллаж байсан. Бид ажиллаж байх хугацаандаа суралцах хэрэг маш их гарч байсан.

5. ХӨРВӨХ ЧАДВАР. Хурлын үеэр зөвхөн дааж авсан ажлаа л хийх гэж зүтгэх нь боломжгүй байсан. Улсын ч тэр, бидний хувьд ч анхны томоохон хурал байсан учир урьдчилан тооцоолоогүй зүйлс тохиолдож бишгүй л тохиолдож энэ үед хүн бүр л нэгэн сэтгэлээр бие биенийхээ ажилд тусалж байсан. Нэг удаад нь хөтөч хийж, дараа удаад нь оператор, аж ахуйн ажил гээд л аз болоход сайн дурынхан маань бүгд тал талын авьяастай чадварлаг залуус байсан учир бид алзаагүй ээ.

6. Мөн хамгийн чухал сурсан зүйл минь гэвэл СЭТГЭЛ. Хэчнээн их ядарцгааж байсан ч үүрийн 3 цагт ирэх ёстой ч урд талын ээлжнийхээ залуусыг бодоод 2 цагт бэлэн байгааг харахад үнэхээр эрч хүчээр сэлбэгдэх шиг болдог байсан шүү. Ажлын үр дүн чухал ч өөрийн хүмүүстээ анхаарал тавьж, хэдий энгийн ч гэсэн:

- Хоолоо идсэн үү?, Ядарч байна уу?, Жаахан амрах уу? Асуултуудыг асуух хэрэгтэй гэдгийг өдөр тутамдаа суралцаж байсан. 

Эдгээр өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ марталгүй мэдлэг болгох нь бидэнд дараа дараагийн ажилдаа амжилттай байх үндэс суурь, насан туршийн туршлага болж өглөө гэдэгт итгэлтэй байна.

АСЕМ-аас бидэнд үлдсэн зүйл олон. Энэ бол мөнгө, эсвэл олон өндөр шилэн барилга биш ээ. Харин толгойд минь үлдсэн мэдлэг туршлага, эх орноороо бахархах, эх орноо хайрлах сэтгэл, хариуцлага, итгэл, найз нөхөд, хичээл зүтгэл байлаа. ASEM11-ийн нэг эд эс нь болж ажилласан бүх хүмүүсээрээ бахархаж, гайхалтай хамт олонтой байх боломжийг алдаагүйдээ үнэхээр баяртай байна. 

05-р Тавьтын ахлагч, С.Анударь