Сүүлийн үед Монгол залуучууд маань дэлхийн хэмжээнд сэтгэх болсны нэг илрэл нь 800 гаруй оюутан, сурагчид өөрсдийнхөө цаг заваа зарцуулан байж сэтгэл гарган Ази-Европын дээд хэмжээний уулзалтанд сайн дурынхны багийг бүрдүүлэн оролцсон явдал юм. Би тэдгээр олон залуусын нэг болсондоо баяртай байна. 

Дөнгөж дунд сургуулиа төгсөж байсан болохоор элсэлтийн шалгалт өгөх, мөрөөдөлдөө нэг алхам ойртон хүссэн сургуульдаа элсэх орох гээд маш их цаг зав, хичээл зүтгэл шаардсан олон ажил ундарч байсан ч ОУ хэмжээнд болж буй үйл ажиллагааны нэгэн хэсэг болон өөрсдийн хувь нэмрээ оруулан оролцохоор үеэл ах, дүү хоёртойгоо АСЕМ-ийн оффис дээр зорин очиж хувиараа сайн дурын ажилтан болохоор бүртгүүлсэн. Үүний зэрэгцээ тухайн үед бидэнд байсан гол зорилго маань ирээдүйдээ гадаадын нэр хүнд бүхий их сургуульд орохын тулд сайн дурын ажил хийсэн гэх тэр сертификатыг авах явдал байлаа. Гэвч тухайн үедээ шинэ найз нөхөд, үнэтэй чадвар мэдлэг, нандин дурсамж гээд үүнээс хэд дахин илүүг олж авна гэж бодоогүй. 

Эхний сургалтаас л шинэ танилуудтай болж эхэллээ. Хоёрдох болон гуравдахь сургалтаас миний төсөөлж байсан өнөөх сертификатны асуудлаас хамаагүй илүү зүйл намайг хүлээж байгааг ойлгосон. Мөн өмнө нь сууж байсан реторикийн сургалтаас сурсан зүйлээ шалгах жаахан ч болов боломж олдсон юм. Гэхдээ энэ бүхэн ердөө эхлэл байлаа.

“Чамаас илүү хүүхдүүд зөндөө байгаа” гэдэг бодлыг маань батлах шиг надаас хэдхэн насаар ах, эгч хэрнээ гадаадын том их сургуулиудад 1-3 дахь жилдээ суралцаж байгаа хүүхдүүд цөөнгүй байлаа. Ёстой нэг цоо шинэ ертөнцөд ороод ирсэн мэт л санагдаж нүд орой дээрээ гарах гээч болов. Тэнд байсан мундаг хүүхдүүд намайг ихийг эргэцүүлэн бодоход хүргэсэн. Хийх юм маш их бий гэдгийг ухааруулж чадсан. Үүнд нь би хамгийн ихээр талархаж байна. 

Гурван удаагийн сургалтаас хойш нийтээрээ ууланд гарах аялал болон жижиг хүлээн авалт хийсэн. Гэвч харамсалтай нь би тэр үед элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан болохоор алинд нь ч хамт байж чадаагүй. Цуг явсан бол мөн л олон сонирхолтой, сайхан зүйл мэдэж авах байсан даа гэж их боддог. 

Миний хуваарилагдсан 16-р тавьт нь үйлчилгээний албанд буюу “Чингисийн хүрээ”-нд ажиллахаар болсон юм. Ирц сайн биелүүлдэг, эв нэгдэлтэй, хариуцаж авсан ажлаа цаг тухайд нь чанартай хийж дуусгадаг болохоор манай 16-р тавьт шилдэг тавьтуудын нэг байлаа. Манай үеэл бид хэд “Ямар азаар энэ тавьтад хувиарлагдаа вэ?” гэж ярилцаж байсан удаа их бий. Хамтдаа сайхан дурсамжийг бүтээлцсэндээ баяртай байна.

Ихэнх сайн дурын ажилтнууд оюутан байсан болохоор дөнгөж дунд сургуулиа төгсөж байсан би багачуудын эгнээнд ордог байв. Өөрөөсөө насаар ах хүмүүстэй хамт байсан нь хамгийн их зүйлийг ойлгуулсан явдал. Хэдийгээр тэднээс нарийн зүйлс асуугаагүй ч тэдний биеэ авч яваа байдал, ярьж хэлж байгаагаас нь л ихийг суралцаж болохоор байсан юм. Тэдний дунд байснаараа бие даах чадвар маань улам бэхжиж, ярихаасаа илүү бодох чадварт суралцсан гэхэд болно.

Ийнхүү юуны түрүүнд бусдыг сонсох, ярих хэлэх бүхнээ анхаарч, аливааг эргэцүүлэн өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгөх, өөрт байгаа давуу талуудаа ойлгох, юмыг олон талаас нь харж сайтар тунгаах, аливаа ажлыг сэтгэлээсээ хийх, багаар ажиллах гэх мэт олон чадварыг намайг хүрээлэн байсан найз нөхөд, бидэнд зааж зөвлөж удирдан ажиллаж байсан хүмүүсээсээ суралцсан. Эдгээр үнэт зүйлсийг тэр болгон амархан олоод байхгүй болов уу.

Дараагийн илүү олон зүйл сурч мэдсэн цаг үе бол сайн дурын ажлаа хийгээд завгүй гүйж байсан өдрүүд маань юм.


Бид сургалтууддаа бүрэн сууж дуусаагүй байхдаа эхний ажилдаа хувиарлагдсан. Бүгд ямар нэгэн байдлаар орчуулагч хийх аль эсвэл хөтөч хийх байх даа гэсэн төсөөллөөр автобусандаа суусан ч өөр орчин, өөр ажил биднийг хүлээж байлаа. Манай 16-р тавьт болон 19-р тавьт тэр хавийг “цэвэрхэн” байлгах тал дээр анхаарч ажилласан. Өөрөөр бол шарилж, хог түүсэн. Тэр өдөр нилээн халуун байсан ч бид ажлынхаа ард зүтгэсээр байгаад гарсан. Тэр үед толгойд “Ажлыг ер нь захирах албан тушаалтнуудаас илүү энгийн ажилчид л урагшлуулдаг байх даа” гэсэн бодол орж ирж билээ. Дараагийн ажлын өдөр сайн дурын маш олон ажилчид ирсэн байсан ба биднийг хэсэг хэсгээр нь ажлын хэсгүүдэд хувиарласан. Манай тавьт мөн адил хог түүсэн. Гэхдээ энэ удаа арай хэцүү. Бид жалга цэвэрлэсэн юм. Монголчууд бид хөдөө явж байхдаа хогоо хаях, бие засахдаа хаашаа очдог билээ? Тэндээс маш том том уутнуудтай хог, архи, пивоны шил, барилгын материал гээд “бас бус” зүйлүүд их байсан. Ахиад л зүтгэсээр байгаад ард нь гарсан. Хамгийн харамсалтай нь архиний шилнээс их юм байгаагүй. Бараг алхах тоолонд нэг бүтэн шил олдож байсан.

Хэдийгээр амтай бүхэн архи асуудал боллоо, архи шиг хэрэггүй юм байхгүй гэж ярьдаг ч энэ бидний ярьж байдаг шиг харагдахгүй л байна. 

Ингээд хэд хоног тэнд ажилласны эцэст бидний хүлээж байсан өдөр ирлээ. Цэнхэр цамцаа нэг сайн угааж аваад, хүнээс зээлж авсан хар өмдөө өмсөөд гурав дахь гэр болсон Чингисийн хүрээ дээрээ очлоо. (хоёрдох нь манай автобус, хаха) Гадаад хүнтэй харьцалгүй удсан байсан болохоор хэл ам зүгшрэхгүй нилээн төсөөрсөн байсан юм. Тийм болохоор ч юмуу эхэндээ нилээн сандарч байсан ч сүүлдээ гайгүй болж хүмүүстэй чөлөөтэй ярилцаад эхэллээ. Өглөө эрт очсоноосоо хойш ганц ч суулгүй зогссон болохоор хөл их цуцаж билээ. Гэлээ гээд сайхан дурсамжтай болж өнгөрсөн. Бүх үйл ажиллагаа дууссаны дараа хамтдаа зураг авахуулж, үнэгүй ундаа ууж, өөрсдийн хийсэн ажлын хэсэгт болсон сайн муу зүйлсийг хоорондоо ярьж суусан нь тэр өдрийн хамгийн оргил үе байсан юм. 

Бид ажлынхаа дундуур хоёр гурваараа хуваагдан хоолоо идэх хэрэгтэй болсон.

Би автобусандаа оччихоод хоолоо ам руугаа маш ихээр нь чихэж байсанаа санаж байна. Учир нь бусад гишүүд маань өлсөж байгаа гэсэн бодол дуусан дуустал минь бодогдож байсан юм. Энэ талаар бодоход их гоё байдаг.

Ингээд эцэст нь хэлэхэд…би их юм сурлаа. Сайн найз нөхөдтэй боллоо, туршлага суулаа, амьдралынхаа нэгэн түүхийг бичлээ. АСЕМ11-д сайн дурын ажилтан болсон маань үнэхээр зөв шийдвэр байжээ.

Би их юм сурлаа.

16-р тавьтын 4-р аравтын гишүүн Сая-Эрдэнийн Анударь